2012 оны 05 дугаар сарын 28, 29, 30, 06 дугаар сарын 01-ний өдөр Бишрэлт зочид буудалд нутгийн радионуудад мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох боломж олгох, нийтлэг асуудлыг тодорхойлох, интернэтэд ажиллах чадвар олгох, радиогийн менежерүүдэд, сургалт уулзалтаар дамжуулан нутгийн иргэдтэй ажиллах, тэдний дуу хоолойг хүргэх чадвар бий болгох зорилгоор хүйн радиогийн менежер, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн суманд байгуулагдсан хүйн 10 радиогийн долоон менежер, удирдах зөвлөлийн нэг дарга, сэтгүүлч, найруулагч хоёр хүн хамрагдав. Нийт дөрвөн өдрийн сургалтанд 12 сургагч багш 40 гаруй цагийн дадлагад суурилсан хичээлийг заасан байна. Сургалтын эхний өдөр сумын радионууд дараах чиглэлээр харилцан туршлага солилцлоо. Үүнд:
• Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ямар нэвтрүүлэг, үйл ажиллагаа /мөнгө олох/ явуулсан талаар
• Өөрийн радиогийн давуу болон дутагдалтай тал цаашид анхаарах зүйлс
• Тоног төхөөрөмж, боловсон хүчин, сум орон нутгийн дэмжлэг,
• Гарсан хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдсэн
• Иргэдтэй хэрхэн ажилласан талаар
Энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХААН Банк сан, Бизнес Инкубатор төвөөс орон нутагт хандсан үйл ажиллагаатай танилцсаны дараа Хүүхдийн оролцоо, Авлигын ойлголт, хор уршиг, Ардчилсан сонгууль, Иргэдийн эрх зүйн боловсрол, Байгаль орчин, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох ажилтнууд хичээл заасан болно.
II дахь өдөр буюу 2012 оны 5-р сарын 29-нд МҮОНР, Гэр бүлийн радио 104.5 ФМ-тэй танилцах, туршлага судлах аялал хийлээ. МҮОНРТ-тэй танилцаж аялал хийж МҮОНР-ийн “Өдрийн өнгө” өглөөний хөтөлбөр, “Өдрийн мэдээ” шууд хөтөлбөрийн явцтай танилцсаны дараа “Боломж” хөтөлбөрт оролцож ярилцлага өгсөн юм.
Гэр бүлийн радио 104.5 ФМ-ын байрны тохижилт, зохион байгуулалт, бичлэг хэрхэн хийдэг хэрхэн хийдэг программын захирал Б.Сансармаа радиогийнхоо үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, сайн дурынхантай хэрхэн ажилладаг, нэвтрүүлгийн бодлого хэрэхэн төлөвлөдөг талаар дэлгэрэнгүй танилцуулж орон нутгийн радиотой хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
III дахь өдөр буюу 2012 оны 5-р сарын 30-нд МХХ-ийн компьютерийн сургалтын танхимд бүтэн өдрийн мультимедиагийн дадлага дамгайлсан сургалт зохион байгуулав. Хичээлийг МҮОНР-ийн инженер Ш.Отгонбаатар, Т.Зандмаа имэйл хаяг хэрхэн нээх, имэйл явуулах, файл хавсаргах, мэдээлэл хайх, татаж авах, олон файл хэрхэн zipлэх, хоорондоо аудио файл gogo share хэрхэн ашиглах, модем хэрхэн ашиглах зэрэг интернэтийн орчинд ажиллах чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага давамгайлсан сургалт явууллаа.
IV дэх өдөр буюу 2012 оны 6-р сарын 1-нд радио тус бүрийн төсвийг хэлэлцсэний дараа радиогийн зар сурталчилгаа, төрийн бус байгууллагын санхүүгийн бүртгэлийн онцлог, төсөл яаж бичих, иргэдийг радиогийн нэвтрүүлэгт оролцуулах сэдвээр онол, дадлага хосолсон хэлбээрээр хичээл заасан.