Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2013.04.24

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2013

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд эл өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглээд өдгөө 20 жил болж байна. ЮНЕСКО, 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь“ сэдвийн дор дараахь гурван асуудалд анхаарал хандуулан тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриаллаа.

Сэдэв1: Сэтгүүлч,  ХМХ-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь
            Чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийн, цахим болон цахим бус орчинд сэтгүүлчид, ХМХ-ийн ажилтан, нийгмийн хэвлэл мэдээллийн продюсерууд заналхийлэл, амь насаа алдах вий гэсэн айдасгүйгээр аюулгүй байдалд, хараат бусаар ажиллах ёстой. Энэ нь дайралт, мөрдөлт мөшгилт, айлган сүрдүүлэлт, хавчлага, дарамтаас ангид орчин бөгөөд ийм байдал хэвийн байх ёсгүй. Сэтгүүлчид (түүнчлэн иргэний сэтгүүлчид), редактор, хэвлэн нийтлэгч, интернетийн ажилтнууд улс төрийн болон санхүүгийн албадлага, ов мэхийн улмаас эрсдэлд өртөх ёсгүй. Ялангуяа тэд өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь сүрдүүлж заналхийлэхээс сэргийлэн хамгаалагдсан байвал зохино. 
              Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн  ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах нь  тулгамдсан асуудал юм. Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд долоо хоног тутам нэг сэтгүүлч амиа алдаж байна. Энэ тоо баримт нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх асуудлаарх НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөний чухлыг илтгэж байгаа билээ. Энэ бол НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг НҮБ-ын гишүүн улсууд, хүний эрхийн бүсийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхнийг сэтгүүлчдэд илүү аюулгүй орчин бүрдүүлэхэд хамтран ажиллахад дайчлан идэвхжүүлэх онцгой зорилготой. НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө нь бэрхшээл сорилыг давахад НҮБ-ын нэр хүндийг ашиглах, асуудлыг эцэслэн зангидахад бусдад иш татах гол зүйл болгох агуу боломжийг агуулж байгаа билээ. НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд НҮБ-ын янз бүрийн механизмыг ашиглах боломж байгаа нь хэдийн харагдаж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2012 оны тогтоол, Австрийн Вена хотноо болсон НҮБ-ын төрөлжсөн байгууллага дундын уулзалтаар дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратеги батлагдсан юм. Өмнөд Судан, Ирак, Балба, Пакистан зэрэг дөрвөн улс талуудын оролцоотойгоор өөрчлөлт хийхээр сонирхсон орноор тодорсон билээ. Латин Америк НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд сайн ажилласнаар туршлагыг нь олон улсад нэвтрүүлэх бүс нутгаар хүлээн зөвшөөрөгдсөн юм. 
                НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хэрэг гарсны дараа үйлдэл хийснээр сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах бус урьдчилан сэргийлэх механизм бий болгох, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг яллахгүй байгаагийн үндсийг таслах ёстойг сануулж буй. Энэ бол авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг асуудалтай холбоотой, хууль дээдлэх үр дүн бүхий хүрээ хэрэгцээтэй байгаа тухай юм. Түүнчлэн, хууль ёсны сэтгүүл зүй (жишээ нь, нэр төр гутаахтай холбоотой хэтийдсэн хатуу хууль, эсвэл үндэсний аюулгүй байдлын тухай хэтэрхий өргөн хүрээтэй хууль тогтоомж)-г эрүүгийн хуулийг ч бай авч үзэх ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хэм хэмжээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 оны 1738 тоот тогтоолыг хүндэтгэх шаардлага бас урган гарч байна.
                НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө нь нэг орны, эсвэл нэгэн бүс нутгийн туршлага сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад бусдад тус нэмэр болоход суурилагдсан болно. Шинэлэг мэдээлэл ба сайн туршлага бүрдүүлэх, хуваалцах, олон улсын томилолт, тодорхой тохиолдлыг эрэн сурвалжлах зэрэг нь өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч, мэдээлэл солилцох оновчтой түвшинд хүрэх, хамтран суралцах, сайн туршлагыг янз бүрийн бүс нутаг, үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх талаар илүү их ажил хийх шаардлагатай байна.

Эргэцүүлэх зүйл
• НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн шилдэг боломж, түгшүүр юундаа байна вэ?
• Хэвлэлийн эрх чөлөөний аюул занал бүс нутаг бүрт ямар ялгаатай байна?
• Аюулгүй байдлыг сайжруулах янз бүрийн стратегийг янз бүрийн нутагт хэрхэн нутагшуулах вэ?
• Сэтгүүлчдийг анхлан очсон газартаа хохирол амсахаас хамгаалан, урьдчилан сэргийлэх ямар механизмууд байна вэ?
• Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийн эсрэг олон улсын хэм хэмжээг танай улсад хүлээн зөвшөөрч, баталсан уу?
• Хэвлэлийн эрх чөлөөг мандуулах, сэтгүүлчдийн эсрэг дайралтыг үл хүлцэх, олон нийтийн санаа бодлыг бүх түвшинд хүлээн зөвшөөрөхийн төлөө олон нийтийн мэдлэг ойлголтыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Сэдэв2: Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх нь
            Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчийг ял шийтгэлгүй үлдээх нь байж боломгүй зүйл. Энэ бол хүчирхийлэл үйлдэгчээс эрүүгийн, иргэний, захиргааны, сахилгын хариуцлага нэхнэ гэсэн үг юм. Учир нь тийм этгээдүүдийг буруутгахгүй, баривчлахгүй, ийм оролдлого хийхгүй, зохих шийтгэл хүлээлгэхгүй, хохирогчдын төлбөрийг барагдуулахгүй байсаар байна.
           Өнгөрсөн жилүүдэд дунджаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн хэвлэл мэдээллийн продюсерүүдийн эсрэг өдүүлсэн арван хэргийн зөвхөн нэг орчимд л буруугаа хүлээсэн байна. Ийнхүү ял шийтгэлгүй үлдэж буй нь хууль дээдлэх зарчмын үүднээс төдийгүй, улс бүр иргэдээ хамгаалах үүрэгтэйн хувьд ч бусармаг зүйл юм. Нөгөөтэйгүүр, энэ нь, ялангуяа сэтгүүлчдэд халдсаны төлөө ял шийтгэлгүй хоцорч буй нь авлига, байгаль орчныг сүйтгэсэн, эсвэл хүний эрхийн зөрчлийн тухай чимээгүй өнгөрөөж буй мэтээр харагдаж, өргөн олон нийтэд дохио өгснөөрөө туйлын санаа зовоосон асуудал юм. Үүний дүнд нийгэм даяараа өөрийн цензурт автаж, шүүхийн тогтолцоонд олон нийтийн итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа юм. Ийм замаар ял шийтгэлгүй үлдээх нь завхралыг өөгшүүлж буй хэрэг билээ. Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэгч, эсвэл тэдний эсрэг хүчирхийлэл хэрэглэж буй хүмүүс шийтгэлгүй үлдэж байгаагаа боломжтой зүйл мэт ойлгон даварч хөөрцөглөх нь зүй бус. Ял шийтгэлгүй хоцрох нь газар авч, ингэснээр өөртөө эрдэх нь ихсэж, цаашид алдаа зөрчил гаргаснаар гэм зэмгүй үлдэнэ гэдэгтээ огоорон улам шийдэмгий болдог нь аюултай.
             Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг мөрдөж шүүх нь Гишүүн улсуудын үүрэг хариуцлага боловч хүчирхийлэл, заналхийллийн үйлдлүүд (аллага, хүчлэх, барьцаалах, мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх, хууль бусаар баривчлах, саатуулах) янз бүрийн байдлаар илүү олон тохиолдох болжээ. Онцлон тэмдэглэхэд, экстремист байгууллага, эрүүгийн бүрэлдэхүүн гэх мэт төрийн бүтцийн бус этгээдүүд сүрдүүлэн заналхийлэх нь ихсэж байна. Энэ нь зөрчилдөөнт, мөн зөрчилдөөнт бус бүс нутаг дахь сэтгүүлчдийн өөр хоорондоо ялгаатай хэрэгцээ шаардлагыг анхааралтай, мэдрэмжтэй авч үзэх, мөн тэднийг хамгаалахын тулд хууль эрх зүйн янз бүрийн арга хэрэгсэл хэрэгтэйг илтгэж байна. Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөний гэж хэлэхээргүй ч хүнд (зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийн хоорондын сөргөлдөөн гэх мэт) нөхцөл байдалд сэтгүүлчдэд нүүрлэж буй аюул заналыг эрэн сурвалжлахын чухлыг тодотгож байна. Үүний зэрэгцээ ял шийтгэлгүй үлдээхийн гамшгийг шүүн таслах ажиллагаа, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын улс төрийн хүсэл зоригоос эхлэн эрх зүйн хүрээ, хамгаалах, мөрдөн байцаах, прокурорын, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц хүртэлх хүрээнд дүн шинжилгээ хийвэл зохино.
Янз бүрийн улс орон, байгууллага дангаараа, эсвэл хамтран хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо (CPJ) дэлхий даяар гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буй талаарх жилийн индекс тогтоодог. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ), Америк дундын  Хэвлэлийн Нийгэмлэг (IAPA) хамтран тогтмол хөтөлбөр хэрэгжүүлж, тайлан илтгэл гаргадаг. Дэлхий нийтээрээ жил бүрийн 11-р сарын 23-нд тэмдэглэдэг “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-ийг  Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээ (IFEX) хөхиүлэн дэмжих үйл явцыг тэргүүлдэг. Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээдэг байдлыг бууруулах талаар дэлхий нийтэд илүү үр дүн бүхий ямар арга хэмжээ авсан бэ? Тэдгээрийг хаа нэгтээ авч хэрэгжүүлж болох уу? Ямар сургамж байгаа вэ?

Эргэцүүлэх зүйлс:
• Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх асуудал танай оронд ямар байгаа вэ? Түүнд хэрхэн анхаарлаа хандуулах вэ?
• Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх асуудал дэлхий дахинд ямар түвшинд байгаа вэ?
• Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх асуудалд хийх  судалгааг өргөжүүлэх, анхаарал хандуулах, үр дагаврыг үнэлэх ажлыг хэрхэн сайжруулах вэ?
• Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцдэг нэвтрүүлж болохуйц сайн ямар туршлага хаа нэгтээ байна уу?
• Үзэл бодлоо илэрхийлэхийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд бий болгосон тохиромжтой, чадавхи бүхий эрх зүйн шударга ёсны хүрээ байна уу?
• Экстремист байгууллага, эрүүгийн бүрэлдэхүүнүүд зэрэг төрийн бүтцийн бус этгээдүүд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөрдөн шалгахад ямар сорил бэрхшээл тулгардаг вэ?

Сэдэв3: Цахим орчны аюулгүй байдал
          “Сэтгүүлч” гэх нэр томъёоны уламжлалт ойлголт аль хэдийн ард үлджээ. Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих  асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгчийн илтгэлдээ тайлбарласнаар  сэтгүүлчид бол үйл явдал, баримт бичигт ажиглалт хийж, тайлбарлаж, нийгэмд нөлөөлөхүйц аливаа үйл явдал, мэдэгдэл, бодлого, таамаглалыг баримтжуулан дүн шинжилгээ хийдэг хувь хүмүүс юм. Тэд  нийгэмд бүхэлд нь, эсвэл нийгмийн аль нэг салбарт мэдээлэл түгээхийн тулд мэдээллийг эмхэтгэж, баримт цуглуулан, задлан шинжилгээ хийх зорилготой байдаг. Илтгэлд дурдсанаар, дээрх тодорхойлолтонд хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх ажилтан, тэдэнд дэмжлэг үзүүлдэг бусад ажилтан, мөн хүйн хэвлэл мэдээллийн ажилтнууд, дээрхтэй адил үүрэг гүйцэтгэж буй иргэний сэтгүүлчид хамрагдана. Түүнчлэн 2012 оны 6-р сарын 16-ны өдөр интернетэд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, ашиглах талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооны A/HRC/RES/20/8 тоот тогтоолд “цахим бус орчинд эдэлдэгтэй адил хүмүүсийн эрхийг, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цахим орчинд ч хамгаалах ёстой” гэсэн билээ.
        Хэвлэл мэдээллийн салбар дахь цахимжилт ХМХ-ийн ажилтнуудын эгнээнээс цааш сэтгүүл зүйг чөлөөтэйгээр өргөжүүлэх дэлхий нийтийн чиг хандлагыг эрчимжүүлж байна. Өнөөдөр иргэний сурвалжлагч, блогчид ч мэдээ бэлтгэдэг болжээ. Тэр хүмүүс байгууллагад харъяалагддаггүй учир хамтын бүтэц үгүй тул мэргэжлийн сэтгүүлчдийн нэгэн адил хамгаалалттай байх нь нийгмийн ашиг сонирхол юм.
Цахимжилт гэдэг нь мэдээллийг илүү их цахим хэлбэрээр дамжуулж, хадгалахыг хэлнэ. Иймд сэтгүүлчид өөрсдийн электрон мэдээлэл, ялангуяа мэдээллийн эх сурвалжаа илүү найдвартай хамгаалахад суралцах зайлшгүй шаардлагатай. Сэтгүүлчдийн гар утас, компьютерийг хураан авах, цахим шууданд хууль бусаар нэвтрэх, хакердах тохиолдлууд гарсаар байна. Хэвлэл мэдээллийн хэд хэдэн цахим хуудас дайралтад өртөн, ажиллагаагүй болж, эсвэл “Трожан” вирусээр хорлон устгаж байна. Сэтгүүлчид чухал, нууц материалаа хэрхэн хамгаалах тухай мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай.
          Цахим орчны аюулгүй байдлын асуудал блогчид, мэргэжлийн сэтгүүлчийн гэхээсээ илүүтэйгээр санаа зовох асуудал болжээ. Агуулга зохиогч, хэрэглэгчдийн хооронд интернетийн зуучлагчдын үүрэг нэмэгдснээр тэд  ч мөн олон улсын хэмжээ, урьдач нөхцлийн тухай ойлголттой болох ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний аливаа хязгаарлалт нь жинхэнээсээ гарцаагүй арга хэмжээ байх, хуульчлагдсан байх, зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон байх, жам ёсны зорилготой байх, боломжийн аргаар хамгийн багаар хязгаарлагдсан байх ёстой. Тиймээс сайн туршлагын тухай мэдэх, түүнийг хуваалцах шаардлагатай. Энэ нь хэрэглэгчийн тухай мэдээллийг нээлттэй болгох, ажиглах, агуулгыг устгахыг шаардсан тохиолдолд эсэргүүцэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүднээс зарчимч хариулт өгөхөд хэрэгтэй юм.
         Интернетийн чөлөөтэй, нээлттэй шинж чанарыг мэдээллийн нийгмийн дэлхийн чуулга уулзалтын тогтоолуудаар засаглалын олон талын оролцоо бүхий загварын суурь гэж үзсэн тул цахим орчны аюулгүй байдлын угтвар нөхцөл юм.

Эргэцүүлэх зүйлс:
• Цахим  технологи  ашиглалтын эрсдлийн тухай сурвалжлагчид аль хэр сайн мэдлэгтэй  вэ?
• Тэдгээр эрсдэл, цахим технологийн хүчин чадал бүс нутаг бүрт хэрхэн ялгагддаг  вэ?
•  Сэтгүүлч, блогч, иргэний сэтгүүлчид, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж буй бусад хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж буй тулгамдсан болон шинээр нүүрлэж буй ямар аюул байгаа вэ?
•  Тэдгээр аюулын талаар сэтгүүлчид хэр мэдээлэлтэй байдаг вэ? Үүнд хэрхэн хариу үзүүлдэг вэ?
•  Цахим орчны аюулгүй байдлыг тойрсон нийтлэг ямар буруу ойлголтууд байдаг вэ?
• Зуучлагчдын дунд ямар тогтолцоонууд байдаг, тэдгээр нь дэлхий даяар хэрхэн дэлгэрсэн бэ?
• Сэтгүүлчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангахад засгийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгэм, ХМХ болон бусад хувийн хэвшил ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
•  Интернетийн эрх чөлөө, түүний олон талын оролцоо бүхий суурийг хэрхэн эрчимжүүлэх вэ?

http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/WPFD/concept_note_wpfd_2013_en.pdf

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:294 
 Нийт бичлэг:1092 
 Нийт хандалт:34571 
 Энэ сард:3725 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.