10 сарын 30, 2013
Чингис хаан зочид буудал
Юуны өмнө би Глоб Интэрнэшнлд баяр хүргэмээр байна. Энэ байгууллага хэвлэл мэдээллийн эрхийн асуудлаар цуцалтгүй ажиллаж байгааг би мэднэ. Үүнд нь бид бүхэн талархаж байдаг юм.
Ивээн тэтгэгчид олон байгаа, түүний дотор Транспэрэнси Интэрнэшнл, Хэвлэлийн хүрээлэн, Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хороо болон Канадын ЭСЯ байгаа нь энэ арга хэмжээ ямар чухал болохыг харуулж байна. Өчигдөр та бүхэн Элчин сайд Гөүлдхокийг сонссон байх. Тэрээр чөлөөт бөгөөд хараат бус хэвлэл мэдээлэл асар чухал гэдэгт надтай адил итгэдгийг би мэднэ.
Та бүхэн Монголын хэвлэл мэдээллийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, дижитал хэвлэл мэдээллийн хүртээмжтэй байдал, үйлдвэрчний байгууллагын үүрэг, ёс зүй болон бусад олон сэдвүүдээр ярилцчихаад байгаа юм байна. Энэ хурлаас гарах зөвлөмжийг би сонсохыг хүсч байна
Тусгаар тогтнолын тунхаг бичгийг зохиогчдын нэг Томас Жефферсон “Сонингүй засгийн газар байх уу, засгийн газаргүй сонин байх уу гэдгийг би шийдэх хэрэгтэй болвол би өчүүхэн ч эргэлзэлгүй сүүлчийнхийг нь сонгоно” гэж хэлсэн байдаг.
АНУ-ын Үндсэн хууль болон Эрхийн тунхаглалын бусад зохиогчид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд АНУ-ын иргэний эрхийг тодорхойлдог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу Эрхийн тунхаглалын хамгийн эхэнд үг хэлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөөг бичсэн байдаг.
Жефферсон хэвлэлийн нэн чухал үүргийг цохон тэмдэглэж хэлэхдээ: "Бидний эрх чөлөөг хэвлэлийн эрх чөлөөнөөс өөр зүйл хамгаалахгүй бөгөөд түүнийг хязгаарлавал бид эрх чөлөөгөө алдах аюулд хүргэнэ" гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, бид хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах юм бол өөрсдийн эрх чөлөөндөө аюул учруулна гэсэн үг.
ЭСЯ саяхан ТББ-ын менежментийн асуудлаар мэргэжилтэн урьж Монголд авчирсан юм. Тэрээр иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, нийгэмд тэдний гүйцэтгэх үүрэг болон хэрхэн үр ашигтай ажиллах талаар ярилцсан юм. Энд байх хугацаандаа тэрээр иргэний нийгмийн үүргийн талаар ярихын хэрээр хэвлэл мэдээллийн үүргийн тухай ярих хэрэгтэй болсон гэсэн.
Тэрээр ардчиллыг төр засаг, бизнес, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг хэд хэдэн хэсэгт хувааж авч үзжээ.
Бусад бүх хэсгүүдийг хооронд нь холбодог учраас хэвлэл мэдээлэл нэн чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Хэвлэл мэдээлэл нийгмийн асуудлууд дээр гэрэл тусгаж, ийм асуудлууд байгаа гэдгийг төр засаг, иргэний нийгэмд харуулдаг.
Төрийн байгууллагууд ард иргэдийнхээ ашиг сонирхлыг төлөөлж байгаа эсэхийг хэвлэл мэдээлэл ажиглаж байдаг.
Ашиг олох сэдэл нь хүний эрхийг золиослоход хүргэхгүйн тулд хэвлэлүүд бизнесийнхнийг ажиглаж, тэдний тухай мэдээлж байдаг.
Хэвлэл мэдээлэл иргэний нийгмийн үйл ажиллагааг тод томруун харуулахын зэрэгцээ тэднийг хариуцлагатай байлгадаг.
Хэвлэл мэдээлэл чөлөөтэй мэдээлэх боломжоор хангагдаж, энэ салбарынхан өөрсдийн хариуцлагадаа нухацтай хандаж чадвал олон нийтийн анхаарлыг бараг бүх зүйлд хандуулах боломжтой.
Энэ бага хурал дээр та бүхний хийж буй ажил, мөн Глоб ба түүн шиг бусад байгууллагуудын хийж буй ажил нь хэвлэлийн эрх чөлөөг хангах зорилготой бөгөөд ардчилсан оронд шийдвэр гаргахад нь тус болох мэдээллийг ард түмэнд хүргэх ажлаа хийх боломжийг сэтгүүлчдэд олгодог юм.
Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлэхэд сэтгүүлчид маш чухал үүрэг хариуцлага үүрдэг.
Та бүхэн эрх мэдлээ өөрсдийн биш нийгмийн тусын тулд ашиглах эрмэлзэлтэй байх ёстой. Та бүхэн олон нийтийн индэр байх эрмэлзэлтэй байх ёстой. Та нар эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхээс айхгүй байх ёстой.
Шударгаар мэдээлж, хоёр нүүрийг илчлэн, авилга хээл хахууль дээр гэрэл тусгаасай гэж би хүсч байна. Эдгээрийг хийх тийм амар хялбар биш, гэхдээ маш чухал.
Сургалт, боловсрол, санхүүжилт бүгд маш чухал асуудлууд. Заримдаа зүрх сэтгэл нь хүсээд байгаа зүйлийг хийх нөөц бололцоо байхгүй тухай би сонсдог. Үнэнийг хэлэхэд энэ нь явцгүй шалтаг юм. Өөрийн итгэл үнэмшлийг хамгаалах эр зоригтой байж, түүхийн турш хариуцлагатай сэтгүүлчдийн хийж ирсэн сайн зүйлсийг нь олж харж, урам зориг авах хэрэгтэй.
Бага хурлаас гаргах зөвлөмжөө тодорхойлж, ирэх сар жилүүдэд түүнийгээ хэрэгжүүлж, үр дүнд хүргэх ажилд чинь амжилт хүсье.
Америкийн Сонины Холбооны Гүйцэтгэх захирал Кэролайн Литтлийн хэлсэн үгээр би үгээ өндөрлөхийг хүсч байна.
Хэвлэл мэдээллийн тухай тэрбээр “Өөр ямар байгууллага дэлхий нийтийн гол гол үйл явдалд дүн шинжилгээ хийж, тайлбар өгөхийн зэрэгцээ том удирдагчидтай ярилцаж, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг зоригжуулж, авилгыг илчлэх эрх мэдэлтэй байдаг билээ?” гэж хэлсэн байдаг. Нягт хямбай мэдээллээо иргэдийг хангахыг тэр сэтгүүлчдэд уриалдаг. Энэ нь сорилтыг та бүхэн ч гэсэн өөртөө тавиасай гэж би уриалж байна.
http://mongolian.mongolia.usembassy.gov/speech_103013.html