III. “ӨӨРЧЛӨЛТӨД ДУУДАХ НЬ” УРИАЛГА
УИХ-ын гишүүний хувьд ТА үүнийг хийж чадна!
Аюулгүй байдлын бодлогод иргэний нийгмийн саналыг харгалзан үзэх:
§ Үндэсний аюулгүй байдал, түүнтэй холбоотой асуудлаар өөрийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн саналыг харгалзан ашигтай байдлаар тусгах механизмыг УИХ-д бий болгох,
§ Үндэсний аюулгүй байдал, түүнтэй холбоотой асуудар хариуцсан байнгын хороо, дэд хорооны ажилд тус дэмжлэг үзүүлэх зорилгоор зохих үйл ажиллагаа явуулах чадвар бүхий байгууллага, ТББ, ХМХ-ийг дэмжих хууль тогтоомж батлах ажлыг зохистой нөхцөлд дэмжих,
§ Аюулгүй байдал, мөн энэ салбарт хамаарагдах асуудлаар шийдвэр гаргахдаа олон нийттэй идэвхтэй хамтран ажиллах бодлого баримтална.
Мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих:
§ Аюулаас хамгаалах асуудалд хамаатай ямар нэг хязгаарлалт байгаа тохиолдолд олон улсын хүний эрхийн зарчмыг хөндөхгүй байхад анхаарал хандуулах,
§ Мэдээллийн эрх чөлөөний хуулийг батлагдсан байх,
§ Төрийн нууцын хуулийг мэдээллийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэн батлах.
УИХ иргэдийн төлөөллийн эрх мэдлийн хувьд үндэсний аюулгүй байдлыг хангахад дараахь зүйлд анхаарал хандуулан ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ.
1. Иргэний нийгмийн байгууллагыг аюулгүй байдлын салбарын үйл ажиллагаанд татан оролцуулах
Иргэний нийгэм бол ардчиллын үйл явцад маш чухал ач холбогдолтой, ардчиллын гол илэрхийлэл, үндсэн шалгуур болдог. Иргэний нийгмийн бүлэглэлүүд нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад идэвхитэй оролцож чадна. УИХ, Засгийн газар улс орны аюулгүй байдал, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт ТББ, судалгааны байгууллагыг татан оролцуулахыг дэмжих ёстой.
Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагууд нь аюулгүй байдлын салбарт парламентын ардчилсан хяналтыг сайжруулахад дараахь байдлаар хувь нэмрээ оруулж болно. Үүнд:
· Аюулгүй байдлын салбар, цэргийн асуудлууд, батлан хамгаалах талаарх мэдээлэл, бие даан хийсэн судалгаа зэргийг парламент, мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хүргэх.
· Аюулгүйн салбарт хууль тогтоох, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх ажиллагааг хянах, урамшуулах:
· Нийгэмд бүхэлд нь хамаатай аюулгүй байдлын энэхүү чухал асуудлуудыг улс төрийн хэлэлцэх асуудлын нэг болгох;
· Сургалт, семинар явуулснаар парламентын мэдлэг, ур чадварыг бий болгох чадавхийг нэмэгдүүлэх;
· Аюулгүй байдлын салбарын бодлого, батлан хамгаалах төсөв, төсвийн бүрдэлт, эх сурвалжийг бий болгоход засгийн газрын баримталж байгаа бодлогын талаар мэргэжлийн хүмүүст өөр өөр санал бодол хэлэх боломж олгох, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, бодлогын чанартай асуудлаар өөр боломжтой хувилбарыг бий болгох;
· Үндэсний аюулгүй байдлын бодлогын талаар гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийг хэлэлцэх;
· Олон нийтийн боловсролыг сайжруулах, олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалд ард түмний альтернантив хэлэлцүүлэг явуулах.
2. Хараат бус хэвлэл, мэдээллийн үр нөлөөг дээшлүүлэх
Хараат бус мэдээллийн хэрэгсэл нь олон нийт, тэдний улс төрийн төлөөлөл мэдээлэл сайтай байж шийдвэр гаргахад тус дэмжлэг болдог. Мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдлын салбарын ардчилсан хяналт, ил тод байдлыг сайжруулах, аюулгүй байдлын асуудлаар олон нийттэй харилцаатай байхад нь УИХ-д тусална.
Ардчилал, сайн засаглалын үүднээс авч үзвэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл аюулгүй байдлын талаарх асуудлаар олон нийтийн ашиг сонирхол бүхий мэдээлэл цуглуулах, түгээх эрхтэй бөгөөд мэдээлэл нь үнэн зөв, нягт нямбай, шударга байх ёстой.
3. Бичиг баримтыг олон нийтийн хүртээл болгох нь
Сайн засаглалын зарчмын дагуу парламентын түвшинд хэлэлцэж буй гол асуудлуудын талаар олон нийт мэдээлэлтэй байснаар ардчилсан хяналт үр өгөөжтэй байна.
Аюулгүй байдлын салбарт олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй байж болох төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт, бичиг баримтыг ойлгомжтой хэлбэрээр түгээх. Доорх бичиг баримт нээлттэй байж болох юм. Үүнд:
· Үндэсний аюулгүй байдлын бодлого зэрэг стратегийн ач холбогдол бүхий бичиг баримтууд;
· Батлан хамгаалах төсөв (нууц төсвийг хамруулалгүйгээр);
· УИХ-аар хэлэлцсэн аюулаас хамгаалах салбартай холбогдол бүхий голлох хэлэлцүүлэг, шийдвэр, санал, хууль тогтоомжийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацсан мэдээ мэдээлэл;
· Аюулгүй байдлын салбарын асуудлаарх УИХ, Байнгын хорооны хуралдаан, хэлэлцүүлгийг (хаалттай хуралдаанаас бусад) дамжуулан мэдээлэх, ингэхдээ хаалттай хуралдаанаар хэлэлцэх асуудал, болох цаг хугацааг мэдээлэх,
· Аюулгүй байдлын асуудлаарх УИХ-ын шалгалтын тухай мэдээ, мэдээлэл,
· Аюулгүй байдлыг хангах албадын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар гаргасан УИХ-ын жилийн илтгэл, тайлан,
· Аюулгүй байдлын салбарын талаар ерөнхий аудитын тавьсан тайлан. Ингэхдээ зарим нэг онцгой үйл ажиллагааны тухай илтгэлийг оруулахгүй байж болох ба дээрх илтгэлийг сонгогдсон хороодод өгөхийг шаардах, ерөнхий аудитын тайлангийн дагуу Засгийн газраас авсан арга хэмжээний жагсаалт,
· Олон улсын, улс хоорондын гэрээний талаарх мэдээлэл,
· Аюулгүй байдлын асуудлын талаар (төсөв, олон улсын байгууллагын гишүүн болох, цэрэг татлага, цэргийн зориулалттай худалдаа г.м.) УИХ-ын гишүүн, жигүүр тус бүрийн санал өгсөн байдлын тухай мэдээлэл,
· Мэдээллийн эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийг батлах.
4. УИХ-ын үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах
Зөвхөн УИХ-аас, эсвэл Засгийн газраас олон нийт рүү хандсан нэг талын урсгалтай мэдээллийн үр өгөөж муу байдаг. Тиймээс олон нийтэд аюулгүй байдлын асуудлаар өөрсөдтэй нь санал солилцох боломжийг УИХ бий болгох шаардлагатай. Хоёр талын мэдээлэл, харилцаа холбоо дараахь үр дүнд хүргэнэ.
§ Олон нийтийн оролцоо, байнгын хяналтыг бий болгоно.
§ Парламентын үйл ажиллагаанд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
§ Удирдлагын буруутай үйл ажиллагааг хянах боломжтой болно.
§ Хууль тогтоомж, төр засгийн бодлогыг хууль ёсны болгон, олон нийтийн дэмжлэг авахад дөхөмтэй болгож, ардчиллыг тогтворжуулна.
Хоёр талын мэдээллийн харилцааг УИХ-ын мэдээлэл, сонсгол хийх, мэдээллээр хангах ажиллагааг хянах, телевизийн ярилцлага хийх, УИХ-ын судалгааны албанаас тухайлан бэлтгэсэн мэдээллийг хороодын гишүүдэд түгээх зэрэг хэлбэрээр бий болгож болно.
Уриалгыг Монгол Улсын Үндсэн Хууль, ил тод байх талаар авсан Монголын Засгийн газрын амлалтууд, энэ төслийн үйл ажиллагааны үр дүн, Парламент хоорондын холбоо, Женев дэх Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих төвөөс хамтран Парламентийн гишүүдэд зориулан хэвлэсэн гарын авлагыг иш үндэс болгон боловсруулж, “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлагад оролцогсод бид УИХ-ын гишүүдэд хандан ӨӨРЧЛӨЛТӨД ДУУДАЖ БАЙНА.
Улаанбаатар хот 2006.12.20
|